2009/08/31

Дижитал Фортресс: Бүлэг 3 - 2

Хонгилын төгсгөлд дээр нь “КРИПТО” гэж маш том үсгээр бичсэн, яг л банкны мөнгө хадгалах өрөөний үүд шиг дугариг зузаан хаалга байлаа.
Сюзэн санаа алдаад хаалганд шигтгэж суурилуулсан электрон цоожны самбарт 5 оронтой нууц дугаараа орууллаа. Хэдэн хормын дараагаар арав гаран тоннын жинтэй ган болд хавтан хажуу тийш эргэж эхлэв. Харин Сюзэны толгойд Дэвидийн тухай бодол эргэлдэж байлаа.
Дэвид Бэкер. Сюзэны сэтгэл зүрхийг эзэмдсэн анхны бөгөөд цорын ганц эр хүн. Жоржтауны их сургуулийн хамгийн залуу профессор, гайхалтай чадварлаг хэл судлаач. Шинжлэх ухааны тэнгэрт бараг л од болон гялалзаж яваа нэгэн. Төрөлхийн гоц ойтой, хэлэнд дур сонирхолтой тэрээр испани, франц, итали болон азийн зургаан үндэстний хэлийг эзэмшсэн. Их сургуульд түүнийг этимологи1 болон хэл шинжлэлийн лекцүүдээ унших үед нь танхимд нэг ч сул сандал байхгүй болдог. Харин Дэвид оюутнуудын биширсэн харцыг ч үл анзааран итгэл төгс, гал цогтой гэгч нь ярина. Тэгээд лекц дуусахад ар араасаа цуварсан олон асуултад төвөгшөөлгүй хариулт өгсөөр зогсч үлдэнэ.
Бэкер бол өнгөлөг бор царайтай, хурц нүдтэй, бадриун биетэй, 35 насны, эрч хүчээр дүүрэн, хөгжилтэй эр байв. Түүний зөв хэлбэртэй нүүр, дөрвөлжин эрүү зэрэг нь Сюзэнд яг л уран баримлынх шиг санагдана. Хэдий метр ная гарсан өндөртэй ч хананы теннис тоглоход түүнээс хурдан хөдлөх хүн ажлынхан дунд нь байхгүй. Тэгээд итгэл төгс хожил авсныхаа дараа усан оргилуурт толгойгоо булхуулж сэрүүцнэ. Нов нойтон чигээрээ өрсөлдөгчөө жимсний коктейль, цагираган боовоор дайлж сэтгэлий нь засна.
Бүх л залуу профессорын адилаар Дэвидийн их сургуулийн цалин тийм ч өндөр биш. Тиймээс теннисний клубын гишүүнчлэлээ сунгах ч юм уу эсвэл өөрийн хуучин цохиур модын утсыг солих гэх мэтээр мөнгөний хэрэг гарсан үед заримдаа нийслэл эсвэл түүний ойр орчимд байрлах засгийн газрын байгууллагуудад орчуулга хийн илүү мөнгө олдог байв. Яг л ийм нэг ажлынхаа үеэр мань хүн Сюзэнтэй учиржээ.
Их сургуулийн хичээл завсарласан намрын нэгэн сэрүүхэн өдөр Дэвид өглөөний гүйлтээ хийчихээд сургуулийн хотхонд байдаг өөрийн байранд орж ирэхэд утасны автомат хариулагч нь анивчиж байлаа. Дэвид жимсний шүүс балгангаа хураагуурт бичигдсэн яриаг сонслоо. Өнөөдөр хэдэн цаг орчуулга хийж өгөөч гэж хүссэн ээлжит нэг хүсэлт байв. Харин захиалагч байгууллагын нэр нь Бэкерийн гайхашлыг төрүүлж орхив. Өмнө нь огт дуулж байгаагүй нэр аж.
Дэвид ажлынхаа ганц нэг хүн рүү залган Үндэстний Аюулгүй Байдлын Газар гэж ямар байгууллага болохыг сураглахад нөгөөдүүл нь бүгд л:
-Чи Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөлийг хэлээд байна уу? хэмээн өөдөөс нь лавлаж байв.
-Үгүй ээ. Зөвлөл биш Газар гэсэн. Үндэстний Аюулгүй Байдлын Газар. ҮАБГ!
-Ерөөсөө дуулаагүй юм байна.
Дэвид албан байгууллагуудын телефон утасны лавлахаас ийм нэр хайсан боловч бас л юу ч олдсонгүй. Тэгэхээр нь арга ядаад хананы теннис хамт тоглодог, өмнө нь улс төр судлаач байгаад одоо Конгрессын номын сангийн шинжээч түшмэл болсон хуучин танил руугаа утасдлаа. Найзынх нь хэлсэн үгнүүд харин Дэвидийг алмайруулж орхих нь тэр.
ҮАБГ гэж үнэхээр бодитоор байдаг төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий засгийн газрын байгууллагуудын нэг гэж тооцогддог гэнэ. Энэ байгууллага тагнуулын зорилгоор дэлхий даяар цахим мэдээлэл цуглуулах, Нэгдсэн Улсад хамааралтай аливаа нууц мэдээллийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг сүүлийн хагас зуу гаруй жилийн туршид явуулж байгаа гэнэ. Америкчуудын дөнгөж 3 хувь нь л ийм байгууллага байдаг гэдгийг мэддэг гэнэ.
-ҮАБГ гэдэг чинь үнэндээ Үзэгддэггүй Анзаарагддаггүй Байдаггүй Газар гэж байгаа юм шүү дээ хэмээн найз нь хошигнов.



1Үгийн гарал үүсэл, хувьсал хөгжлийг судалдаг салбар ухаан.(орч.)

2009/08/10

Дижитал Фортресс: Бүлэг 3 - 1

Дээгүүр нь өргөст төмөр утас татсан гурван метр өндөр торон хашааны сүүдэрт байрлах шалгах постын дэргэд Сюзен өөрийн “Вольво”-г зогсоов. Залуухан харуулын ажилтан машиных нь дээвэр дээр гараа тавин:
-Нэвтрэх үнэмлэхээ үзүүлнэ үү гэлээ.
Сюзен үнэмлэхээ өгөөд, ойролцоогоор хагас минут үргэлжилдэг шалгалтыг дуусахыг нь хүлээв. Харуулын офицер компьютерт холбогдсон уншигч төхөөрөмжөөр үнэмлэхийг уншуулаад Сюзэнд буцаан өгч:
-Баярлалаа, хатагтай Флэтчер гэв. Тэгээд гараараа үл мэдэг дохиход хашааны хаалга нээгдлээ.
800 метрийн цаана цахилгаан гүйдлээр хамгаалагдсан өөр нэг өндөр хашаа байв. Үүднийх нь шалгах пост дээр Сюзен дахин шалгуулж байхдаа “Алив ээ, залуус аа, шалавлаарай. Би үүгээр чинь байнга л орж гарч байдаг шүү дээ” хэмээн бодож суулаа.
Гурав дахь бөгөөд хамгийн сүүлийн нэвтрэх пост дээр ирэхэд автомат мөрлөж, хоёр сургуультай нохой хөтөлсөн намхавтар нуруутай бахим харуул угтан авч үнэмлэхийг нь үзээд цааш нэвтрүүлэв. Тэндээс 200 гаран метрийн зайд ажилтнуудад зориулсан зогсоол байв. Сюзэн “Бүхэл бүтэн 26 мянган ажилтантай, 12 тэрбум долларын төсөвтэй байгууллагын ажил ганц долоо хоног надгүйгээр болдоггүй л юм байх даа” гэсэншүү юм бодох зуураа зогсоол руу машинаа оруулж, байрлууллаа.
Сюзэн төв барилгын өмнөх цэцгийн мандал бүхий зүлэгжүүлсэн талбайг өнгөрөн дотогш оров. Хоёр ч хяналтын цэгийг давсны эцэст ямар ч цонхгүй хонгилд орж ирлээ. Энэ нь барилгын шинэ жигүүрт хүрдэг хонгил ажээ. Хонгилоор хэсэг яваад дуу таних төхөөрөмжөөр тоноглогдсон хаалганд тулав. Хаалганы дэргэд буутай харуул байна. Хаалган дээр:
ҮНДЭСТНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР (ҮАБГ)
КРИПТО ХЭЛТЭС
ЗӨВХӨН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖИЛТНУУД НЭВТЭРНЭ
гэсэн байв. Харуул Сюзеныг харж:
-Өдрийн мэнд, хатагтай Флэтчер хэмээн мэндчилэхэд Сюзен ядрангуй байдлаар хариу инээмсэглэн:
-Сайн уу, Жон гэлээ.
-Өнөөдөр таныг ажил дээрээ ирнэ гэж бодсонгүй.
-Тийм ээ, би ч бас тэгнэ гэж бодсонгүй гэж Сюзен хариулаад хаалганы микрофонд ойртож:
-Сюзэн Флэтчер хэмээн чангаар хэллээ. Төхөөрөмж түүний дууны өнгийг таньж, хаалга нээгдэв. Сюзэн дотогш орлоо.

Харуул цементэн замаар цаашаа алхаж эхлэсэн Сюзеныг биширсэн харцаар харлаа. Бүсгүйн хурц саарал нүд нэг л бодлогоширсон байх боловч нүүр нь эрүүлээр гэрэлтэж, хацар нь улаа бутраад, мөрөө татсан улбар хүрэн үсээ саяхан хатаасан нь илт байв. Түүнийг явж өнгөрөхөд Жонсонз Бэйбигийн энгэсгийн зөөлөн үнэр сэнгэнэж байлаа. Харуулын нүд Сюзэны гуалиг бие дээр унав. Цагаан цамцны цаанаас үл мэдэг гэрэлтэн харагдах хөхний даруулга, өвдөг хүрсэн ногоон банзал зэргийг нь гүйлгэн харсаар хамгийн сүүлд түүний хөл дээр харц тогтлоо. Сюзэн Флэтчерийн хөл...
“Ийм сайхан хөлтэй, тэгээд бас 170 АйКютай гэж байгаа. Ёстой итгэмээргүй!” хэмээн тэр бодов.
Мань хүн бүсгүйн хойноос удтал ширтлээ. Тэгээд бүр бараа нь харагдахаа болиход л сая нэг юм толгой сэгсэрч, ухаан санаагаа эргүүлэн авчирлаа.

Дижитал Фортресс: Бүлэг 2

Дэвид Бэкер 9 мянган метрийн доор чимээгүй дүнсийх далайн мандлыг Learjet 60 онгоцны жижиг дугуй цонхоор уйтгарлан ширтэж суув. Онгоцонд байдаг телефон утас эвдэрсэн гэсэн учраас тэр Сюзентэй холбоо барьж чадсангүй.
“Би энд яг юу хийж яваа билээ” хэмээн өөрөөсөө гайхан асуух боловч хариулт нь бас тэр дороо л хүрээд ирнэ. Огт татгалзаж болохооргүй тийм хүмүүсийн хүсэлтээр яваа гэдгээ санана.
-Ноён Бэкер, бид 30 минутын дараа газардана гэж хэлэх дуу чанга яригчаас сонсогдлоо. Дэвид урам муутайхан толгой дохив. Тэгээд цонхны хаалтыг буулгаад зүүрмэглэх гэж оролдсон боловч Сюзены тухай бодол толгойноос нь гарсангүй ээ.

Дижитал Фортресс: Бүлэг 1

Тэр хоёр Смоуки Маунтанс дахь өөрсдийн дуртай дэн буудалд байлаа. Дэвид түүний дээрээс харан инээмсэглэнэ.
­­-Миний үзэсгэлэнт эмэгтэй, чи тэгээд надтай гэрлэх үү?
Харин бүсгүй лавиртай орон дээр хэвтэн Дэвидийг ширтэнэ. Тэр өөрийнх нь хувьд цаг үргэлжид энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн байх болно гэдгийг бүсгүй мэдэрч байв.
Дэвидийн гүн ногоон нүднээс бүсгүй харцаа салгаж чадахгүй байлаа. Гэтэл хаа нэгтээ хонх маш чангаар жингэнэхэд Дэвид бүсгүйгээс холдож эхлэв. Бүсгүй түүнд хүрэх гэж гараа сунгасан боловч юу ч баригдсангүй.
Телефон утасны хангинах чимээ Сюзэн Флэтчерийн зүүдийг сарниаж нойрноос нь сэрээх нь тэр. Сюзэн дуу алдаад орон дотроо өндийн сууж харилцуурыг тэмтчив.
-Байна уу?
-Сюзэн, би Дэвид байна. Чамайг сэрээчихэв үү яав?
Бүсгүй инээмсэглэн орон дотроо эргэлээ.
-Би дөнгөж сая чамайг зүүдэлсэн, Дэвид. Хүрээд ир л дээ, чамайг санаад байна.
Дэвидийн инээх дуу харилцуурт сонсогдов.
-Гадаа өглөө болох яагаа ч үгүй харанхуй байна шүү дээ.
-Ээ л дээ гэж Сюзэн эрхлэнгүй дуугараад:
-Тэр тусмаа хурдан хүрээд ир. Смоуки Маунтанс руу явах хүртлээ бид хангалттай нойр авч амжина гэлээ.
Дэвид сэтгэл нь гонсойсон байдалтай санаа алдав.
-Бид аяллаар явахаа хойшлуулахаас аргагүй болох нь ээ, Сюзэн. Үүнийг хэлэх гэж л би залгаж байна.
Бүсгүй сэртэсхийж, нойрмог байдал нь дайжин алга болов.
-Юу?
-Сюзэн, намайг уучлаарай. Би хотоос гадагшаа юманд явах хэрэгтэй болчихлоо. Маргааш буцаад ирнэ. Тэгээд өглөө гэхэд бид хоёр аялалдаа гарч болно. Бидэнд дахиад хоёр өдөр байгаа шүү дээ.
-Гэхдээ би аль хэдийн захиалга өгчихсөн шүү дээ. Стоун Мэнор дахь бид хоёрын байнга буудалладаг нөгөө өрөөнд... гэж Сюзэн гомдонгуй хэллээ.
-Ойлгож байна аа, Сюзэн. Гэхдээ...
-Өнөө шөнө бол бид хоёрын хувьд тун онцгой. Сүй тавьснаас хойш яг хагас жил болно. Ингэхэд бид сүйт хос гэдгийг чи мартаагүй биз?
-Сюзэн хэмээн Дэвид санаа алдаад:
-Би яг одоо үнэхээр очиж чадахгүй нь ээ. Гадаа намайг машин хүлээж байна. Онгоцонд суусан хойноо чам руу залгаж, бүгдийг тайлбарлая гэв.
-Онгоц гэнэ ээ? Юу болоод байна аа, Дэвид? Яагаад ажлаас чинь чам руу онгоц явуулж...?
-Энэ их сургуулиас биш ээ. Би дараа утсаар яриад бүгдийг тайлбарлаж өгье. Би үнэхээр явах хэрэгтэй боллоо, тэд дуудаад байна. Би холбоо барина аа, амлая.
-Дэвид! хэмээн Сюзэн чангаар дуудах хооронд мань хүн харилцуураа тавьж орхисон байв.
Сюзэн Дэвидийн ярихыг хүлээж хэдэн цаг цурам хийлгүй хэвтсэн боловч утас дахиж дуугарсангүй ээ.

Тэр өдрийнхөө үдээс нэлээн хойхно Сюзэн бөөн гуниг болсон амьтан онгоцонд ус дүүргээд дотор нь суучихсан, савантай усанд шумбаж Стоун Мэнор, Смоуки Маунтанс энэ тэрийг мартахыг хичээж байв. “Дэвидэд ямар чухал ажил гарсан юм бол? Тэр яагаад утсаар ярихгүй вэ?” гэж бас бодно.

Халуун байсан ус аажим хөрч бүлээсээд, яваандаа бүр хүйтэн болов. Сюзэныг яг ваннаас гарах гэж байтал тосгуур дээр тавьсан байсан утас дуугарах нь тэр. Мань хүн ухасхийн босч, ус цалгиулан байж урагш зүтгэн харилцуурыг авлаа.
-Дэвид, чи юү?
-Би Стрээтмоор байна гэх дуу харилцуураас сонсогдов.
Сюзэн урам нь хугарсан байдлаа нууж чадсангүй:
-Аан... гэж дуугараад онгоцондоо буцаж суулаа. Тэгээд:
-Өдрийн мэнд, дарга аа.
Утасны цаанаас:
-Яасан хө? Залуугаа утасдахыг хүлээж байсан чинь над шиг хөгшин эрийн дууг сонсоод урам чинь хугарав уу? гээд нуг нуг инээх дуулдав.
-Үгүй ээ, эрхэм ээ. Би зүгээр л .... хэмээн Сюзэн санаа зовнингуй хэлтэл Стрээтмор хөхрөн:
-Тэгсэн гэдэг чинь илэрхий байна. Дэвид Бэкер сайн залуу шүү. Алдаж болохгүй шүү гэлээ.
-Баярлалаа, эрхэм ээ.
Стрээтморын дуу гэнэт албархуу өнгөтэй болов.
-Сюзэн, чам руу залгасны учир нь чи даруйхан наашаа ирэх хэрэгтэй байна. Яаралтай.
Сюзэн гайхашран:
-Эрхэм ээ, өнөөдөр чинь Бямба гариг шүү дээ. Амралтын өдрөөр бид цугладаггүй... гэтэл Стрээтмоор:
-Би мэднэ ээ, Сюзэн. Гэхдээ манай хэлтэст онцгой нөхцөл байдал үүсээд байна гэж тайвнаар өгүүллээ.
Сюзен нуруугаа цэхлэн суув. “Онцгой байдал гэнэ ээ?” Толгойлогч Стрээтмоорын амнаас өмнө нь ийм үг хэзээ ч гарч байсангүй. “Онцгой нөхцөл байдал хэлтэст үүссэн гэнэ ээ?” Ийм юмыг Сюзен төсөөлж ч чадахгүй байлаа. Тэгээд:
-Мэд..лээ, эрхэм ээ хэмээгээд түр чимээгүй болсноо:
-Аль болох түргэн очъё гэж нэмж хэллээ.
-Яг одоо наашаа гараарай гэж Стрээтмоор хариулаад утсаа таслав.

Сюзэн Флэтчер том алчуураар биеэ ороогоод зогсч байлаа. Нойтон биеэс нь дусах ус эвхэж тавьсан хувцаснуудыг норгоно. Аяллын богино өмд, уулын сэрүүн агаарт өмсөх хүзүүтэй ноосон цамц, бас Дэвидэд харуулахын тулд тусгайлан худалдан авсан дотуур хувцас тэргүүтнийг Сюзен урд шөнө гарган бэлдэж тавьсан байжээ. Сэтгэл нь гонсойсон Сюзэн цэвэрхэн цамц, банзал гаргаж өмсөхөөр хувцасны шүүгээ рүү дөхөв. “Онцгой нөхцөл байдал гэнэ ээ?”
Шатаар доош бууж байхдаа Сюзэн өнөөдөр өөр бас ямар гэнэтийн явдал надтай тохиолдох бол хэмээн тааж ядан байв. Ямартай ч энэ өдөр элдэв үйл явдлаар өрнүүн болох шинжтэй.

Дижитал Фортресс: Эхлэл

Плаза Де Эспана,
Севилья хот, Испани
Өглөөний 11.00 цаг

Хүн амьсгал хураах мөчдөө л бүхнийг ойлгодог гэж юутай үнэн үг вэ. Инши Танкадо үүнийг дөнгөж сая мэдрэв. Айхтар өвдөх цээжээ даран газар унахдаа тэрээр өөрийнхөө чухам юун дээр алдсаныг ухаарчээ.
Хүмүүс түүнийг тойрч зогсон, дээрээс нь тонгойж, тусламж үзүүлэхээр оролдож эхэллээ. Гэсэн ч Танкадо тусламж авахыг хүссэнгүй, түүний хувьд бүх зүйл нэгэнт оройтсон байлаа.
Тэр чичирж салганасаар зүүн гараа арайхийн өргөж, хүмүүст хуруугаа харуулахын тулд алгаа тэнийлгэв. Тойрч зогссон хүмүүс гайхан ширтэцгээсэн боловч юу хэлэх гэснийг нь ойлгосонгүй ээ.
Танкадо ямар нэгэн үг сийлсэн алтан бөгж хуруундаа зүүсэн байлаа. Хормын төдийд Андалуз нутгийн хурц нарны туяа түүний бөгжин дээр тусч гялалзууллаа. Энэ бол түүний амьдралдаа харж буй эцсийн гэрэл гэдгийг Инши Танкадо мэдэж байв.

Дэн Браун, Дижитал Фортресс

Сайн байна уу. Миний орчуулгын буланд тавтай морилно уу. Сүүлийн жилүүдэд баруунд бестселлер болоод байсан "Да Винчийн код" романы зохиогч Дэн Брауны өөр нэгэн шилдэг бүтээл болох "Дижитал Фортресс" ("Тоон цайз") романыг бүлэг бүлгээр нь орчуулан блогтоо тавихаар шийдлээ. Би урд нь уран зохиол орчуулж байгаагүй л дээ. Тиймээс алдсан оносон юм зөндөө л байгаа байх. Өршөөн үзээрэй :)