2010/01/31

25 телевизийн 1-р сувгийн эфирийн ажилтантай "хэрэлдсэн" минь

Өнөөдөр амралтын өдөр. 25-ын 1-р сувгаар нэг кино үзэж суулаа. Хэдэн хоригдол шоронгоос оргож буй тухай, хүний сайн муу чанарын тухай, нөхөрлөл, хүнлэг сэтгэлийн тухай кино юм даа одоо. Тэгээд кино ерөнхийдөө төгсгөл рүүгээ дөхсөн, гэхдээ арай ч яг дуусах болоогүй байх шиг тэр үед гэнэт кино тасраад өөр нэвтрүүлэг гараад эхэлдэг байгаа. Өмнө нь бас иймэрхүү юм болж байсан санагдлаа. Би жаал бухимдлаа. ТВ юм байж цаг барьна, бүх юм хөтөлбөр хуваарийн дагуу явна энээ тэрээ гэсэн ойлголт байдаггүй юм уу хаашаа юм гээд л. Нэг кино гаргаж байснаа л шууд үг дуугүй таслаад өөр нэвтрүүлэг гараад эхлэхээр өөр юу гэж ойлгох билээ дээ? Тэгээд жаахан хэнхэгтээд 109 руу утас цохиж 25-ын утсыг асуулаа. Тэгсэн "Монгол Ньюс" компанийн утас 321989 гэж байна. Тэр лүү нь залгаад:
-Танайх яагаад ийм хариуцлагагүй бүдүүлэг үйлдэл хийж байгаа юм бэ? гээд л авч өгсөн чинь урдаас:
-Таныг телевизтэйгээ холбож өгье. 1-р суваг уу 2-р суваг уу? гэж байна.
-Нэгдүгээр суваг! гэсэн чинь дотуур холбоогоороо 25-ын 1-р сувгийн эфирийн албатай холбож өгөв бололтой. Нэг залуу утас авч байна аа. Би нөгөөдхөө дахиад л урсгаж өглөө.
-Хөтөлбөрт чинь цаг гэж байдаг уу... Ер нь хуваарийн дагуу юм гарах ёстой биз дээ... Нэг юм гаргаж байснаа гэнэт уйдаад өөр юм гаргаж байгаа юм шиг... Ийм бүдүүлэг байж болохгүй... энэ тэр гээд жаал шүүмжиллээ. Гэхдээ мэдээж хараал зүхэл урсгаж тэнэгтээгүй л дээ. Тэгсэн нөгөө 25-ын 1-р сувгийн эфирийн ажилтан залуу маань урдаас:
-За чи битгий балайраад бай! гэнгүүтээ утсаа тасалчихдаг байнашт. Би ч яахав хоёр гурван секунд амаа ангайн сууж байгаад утсаа тавьлаа. Тэгээд дараа нь гэнэт уур хүрлээ. Эгэл жирийн үзэгч би өөрийн шүүмжлэл-саналыг хэлж байхад бүдүүлгээр урдаас загнадаг яадаг дурак вэ гэж хэ хэ хэ. Дахиад нөгөө 321989 руу нь залгаж:
-25-ын 1-р эфиртэй холбож өгнө үү гэлээ. Дахиад нөгөө залуу авч байна аа.
-Би сая залгасан танай тв-ийн үзэгч А. байна. Нэвтрүүлэгтэй чинь холбоотой санал шүүмжлэлээ хэлж байхад яагаад ийм бүдүүлэг зан гаргаж утсаа тасалж байгаа юм бэ. Таны нэр усыг мэдэж болох уу? гэсэн чинь утсаа тасалж орхих нь тэр.
Ер нь хүнээс үг дуулж сураагүй иймэрхүү "түүхий хүмүүжилтэй" хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагын арын албанд олон байдаг бол хэцүү л юм. Нэгэнт нэвтрүүлэг хийж тэрийгээ олон хүнд хүргэж байгаа болохоор үзэгчдээс сайн бол сайн муу бол муу янз бүрийн л санаа оноо ирнэ шүү дээ. Тэр болгонд "битгий дэмийр" гэсэн байр суурьтай хандах юм бол эцэстээ өөртөө л хор болно биз. Манай нэг найз, өөрөө бол их мундаг орчуулагч л даа, тв5-аар гардаг орчуулгын кинонуудыг хараад нэг удаа кино алба руу нь утасдаж шүүмжилсэн чинь урдаас нь бараг хараагаад утсаа шидчихсэн гэсэн.

4 comments:

  1. Тайван тайван ккк. Манай бараг бүхий л албан газрууд хэрэглэгчдийг "хаанд өргөмжилсөн" байдаг юм. Харин хөгтэй нь тэд өөрсдөө энэ гуншингийнхаа учир начрыг ойлгодоггүй юм шүү. Дэлгүүрийн худалдагч, гуанзны зөөгчөөс эхлээд чухал албан газрын боловсон бичээч, иргэдэд туслах ёстой олон нийттэй харьцах албаныхан хүртэл мөнөөх олон нийтээ эгээ л өөрийн хүүхдийг загнах мэт аашлах нь энгийн үзэгдэл.
    Харин тэр зурагтын орчуулагчид ч савааж хаяна шүү. Саяхан SBN сувгаар кино үзэж суутал "Dream Team"-ийг "Зүүд баг" гээд л зүүлэгтээд байсан.

    ReplyDelete
  2. Тэвчээр алдах юм их л гарах юм даа

    ReplyDelete